Monday, October 24, 2011

мод

Гацуур (нийтлэг нэр: сибирь гацуур, латин нэр: picea obovata)

Гацуур нь 30 метр хүртэл өндөр ургадаг мөнх ногоон мод юм. Гацуур нь сууриасаа эхэлсэн хурц шовгор конус хэлбэрийн титэмтэй. Холтос нь барзгар бараан саарал юмуу үрчгэр хар өнгөтэй, шилмүүс нь богино хатуу, өргөслөг хурц үзүүртэй ногоондуу буюу хөхөвтөр өнгөтэй байдаг. Шилмүүс нь цуваа хэлбэрээр байрлах ба 6-9 жил болоод солигддог. Нахиа нь гадуураа давирхайгүй боргоцойн болц гүйцсэн үедээ уруугаа харж унжиж байрлана. 10 гаран наснаасаа цэцэглэж эхэлдэг. Цэвэр гацууран ой ховор тохиолдоно.


Европын хойд хэсгээс Сибирь лүү чиглэн тархан ургана. Хэнтий нурууны гол горхины хөндийгөөр мөн Хөвсгөл орчмын голдуу голын эргээр болон Увс Баян- Өлгий, Төв аймгийн нутгаар шинэстэй холилдон ургана. Сибирь гацуур ихэвчлэн голын хөндий, тайган хөндий нураг асга хавцлын эхээр шинэс хушин ойн захаар зурвас байдлаар болон жижиг голын хөндийд зуун мод хэлбэртэй нарийн зурвасаар тархан ургадаг. Хүйтэнд тэсвэртэй сүүдэрт ургадаг.

Манай оронд гацуур мод бага талбай эзэлж ургахаас гадна хөрс ус хамгаалах ач холбогдол маш өндөртэй тул дээр үеэс эхэлж өргөн хэрэгцээгээр ашиглахыг хориглож байв. Харин зайлшгүй шаардлагатай хөгжим хийхэд зориулж тусгай зөвшөөрлөөр бага хэмжээгээр олгодог байв. Ялангуяа хийл хөгжим хийхэд дуу сайтай болдог гэж үздэг.

Нарс (нийтлэг нэр: эгэл нарс, латин нэр: pinus silvestris)

Нарс манай оронд дунджаар 20-24 метр, ургах орчин сайн бүрдсэн тохиолдолд 42 метр хүртэл өндөр ургадаг, дунджаар 600 жил насалдаг мөнх ногоон мод. Титэм нь сийрэгдүү конус хэлбэртэй, нас бие гүйцсэн нь зөв биш өндгөн хэлбэртэй байна. Иш нь дээд хэсгээрээ улаан улаавтар, доод хэсгээрээ хүрэн саарал орог саарал өнгийн зузаан холтостой. Шилмүүс нь нягт гадаргуутай ногоон өнгөтэй, нэг нахианаас хоёр шилмүүс гардаг. Эр цэцэг нь 5 сард цэцэглэн томорч 6 сард тоос хүртэнэ. Үр тогтсоны дараа эр цэцгүүд унаж эм цэцэг нь боргоцой болон ургадаг. Дунджаар 10-15 насны хооронд анх цэцэглэж эхэлнэ. Эгэл нарсны модлог барилгын сайн чанарын материал болдог. 1990 оныг хүртэл манай улс жилд 200,0 мянган шоометр наррсыг барилга болон түлшинд хэрэглэн бэлтгэж байсан. Сүүлийн жилүүдэд Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгуудаас нарсыг хулгайгаар маш их бэлтгэн борлуулж байна. Эмнэлгийн хэрэгцээнд нахиа шилмүүсийг хэрэглэнэ. Төв европод өргөн тархсан, далайн төвшнөөс дээш 1600 орчим метрийн өндөрт, цөөнгүй тохиолдолд 2500 хүртэл өндөрт ургасан тааралддаг. Манай орны Сэлэнгэ аймагт ихэвчлэн, Хөвсгөл, Хэнтий, Төв болон Улаанбаатар хотод Богд ууланд бага хэмжээгээр ургадаг, манай орны нийт ойн 6% - ийг эзэлнэ. Ойн ширэгт нимгэн элсэнцэр хөрсөнд ургана. Үрээр сайн ургадаг ба үрийг ил болон хүлэмжинд тарьж ургуулаад 2 настай суулгацыг ойжуулалтанд хэрэглэнэ. Дан нарсаар байгуулсан цэцэрлэгт гудамж нийслэл хотын нэгдүгээр дунд сургуулийн урдуур байдаг. Гэхдээ бас нарсны ургамлын харшил сэдрээх шинжтэйг харгалзах нь зүйтэй.

Шинэс |Хар мод| (нийтлэг нэр: сибирь шинэс, латин нэр: larix sibirica)
Сибирь шинэс нас гүйцсэн үедээ 25-30 метр дундаж өндөртэй, зохистой нөхцөлд 45 хүртэл метр өндөр ургадаг, 500 гаруй жил насалдаг, харьцангуй гаулиг нарийхан иштэй, жил бүрийн 9 сарын сүүлээр шилмүүс нь шарлаж унаад 5 сарын сүүл 6 сарын эхээр цэцэглэн шинэ шилмүүс гарч ирнэ. Шилмүүс нь цайвар ногоон өнгөтэй ба богиноссон найлзуур дээр 25-50 ширхэгээр багцлан ургадаг. Нас гүйцсэн моддын холтос нь туйлын зузаан, гүнзгий хагаралтай, бараан саарал өнгөтэй байна. 12- 15 насандаа үржлийн чадвартай болох ба 30 орчим наснаасаа боргоцой өгч эхэлнэ. Боргоцой нь ургаж байх үедээ улаавтар хүрэн өнгөтэй бөгөөд боловсорсон үедээ өндөг хэлбэрийн уртавтар зуйвандуу саарал, цайвар шар өнгөтэй. 9 сарын эхний хагаст үр боловсорч 15-20 өдрийн туршид хийсч унадаг. Хоосон боргоцой нь 3-4 жилийн турш модондоо байх ба мөчиртэйгөө хамт унадаг. Шинэсэн ой шарлах үедээ маш үзэмжтэй сайхан харагддаг. Шинэсний модлог нь механик шинж чанар сайтайгаараа онцлог учраас барилгын сайн материал болдог. Манай улсад сүүлийн жилүүдэд 500-600 мянган шоометр мод барилгад болон түлшинд зориулан бэлтгэж байна. Сибирийн шинэс нь хөрс чийг голдоггүй харин гэрэл нэлээн шаарддаг. Далайн төвшнөөс дээш 2400 хүртэл метрийн өндөрт ургах чадвартай. Манай оронд сибирийн, дагуурын, чекановскийн гэсэн 3 зүйлийн шинэс ургадаг. Сибирийн шинэсний зүйл нь орос болон манай улсад голчлон ургана. Энэ зүйлийн шинэсийг Финлянд Шведэд мод бэлтгэлийн журмаар тарималжуулсан байх бөгөөд бусад орнуудад энэ төрлийг зөвхөн ботаникийн цэцэрлэгт тарьсныг харж болно. Манай орны шилмүүст ойн 72%- ийг шинэсэн ой эзэлдэг ба гол төлөв Хөвсгөл, Булган, Хэнтий болон Төв, Сэлэнгийн нутгаар тархжээ. Хот цэцэрлэгжилтэнд 1950- иад оны эхнээс гудамж, талбайд ганцаар болон хэсэг бүлгээр суулгаж тарималжуулж ирсэн. Одоо шинэсний үрийг тарьж 2-3 настай тарьцаар ойжуулалтыг хийж гүйцэтгэж байна. Сүхбаатарын гудамж, Самбуугийн гудамж талбайд тарьж ургуулсан нь бий.

No comments:

Post a Comment